Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна.Хав хар царайтай , үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.
Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан , инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов .Ах маань над руу инээмсэглэн харж:
-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо. Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй , хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм. Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон , гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм. Гэхдээ хүмүүс Цасангааг гартаа нөлөөтэй гэж ярьдаг. Унасан туссан хүүхдийн толгойг хэд илээд л зүгээр болгочихно. Өвдсөн, зовсон, бэртсэн, гэмтсэн үедээ л хүмүүс Цасангаа гэж буянтан бий дээ гэж санана. Баярласан хүмүүс аягахан хоол хэдхэн чихэр өгөөд л гаргахад Цасангаа баярлаад л гүйж одно доо.