Saturday, January 17, 2015

Цагцгай



2015 оны 01 сарын 17 шөнийн 04:05 цаг. Эргэн тойронд минь хэдийнээ нам гүм байдал ноёрхжээ. Дуу хөгжим гэх зүйл хүний сэтгэлийн баяр жаргал, гуниг зовлон бүхий л мэдрэмжийг хөндөх шидтэй юм. Зүүрмэглэн хэвтэх надад яг тийм гээд хэлж боломгүй мэдрэмжийн хамт түм буман бодол толгойд орж ирлээ. Сэтгэл сэргээд ч тэр юм уу ямар нэгэн зүйл хийхийг хүссэн минь ингээд бичвэр бичиж байгаа нь бололтой .

Би гэгч хүн угийн их дуугүй, тэр болгон сэтгэл хөдлөлөө гадагш илэрхийлээд байдаггүй, ерөнхийдөө л их дотогшоо хүн л дээ. Асар их бодол толгойд минь мөнхийн эргэлдээстэй байдаг тул өөртөө мөн бас бус хүмүүстэй хуваалцаж байхаар шийдээд, блог хөтлөж эхлэн даруй 2 сар өнгөрчээ. Хүн хүний дотоод ертөнц гайхалтай , дахин давтагдашгүй учир хүн бүхэн тэр нандин ертөнцийг мэдэрч, бусадтайгаа хуваалцаасай гэж хүсэх.. Ингээд анхны бичвэрээ хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн буй цагцгайн тухай өгүүлье.

Халиун гээд жаахан охин цэцэрлэгт байхдаа юм л бол цаасны тасархай, харандаа хоёр бариад суучихдаг байж билээ. Өнгө өнгийн хувцаснуудыг ёстой л ёоз ёозоор нь зурдаг байлаа шүү дээ. Өвөө маань “Миний охин ёстой мундаг авъяастай” гээд л үргэлж урамшуулдаг байсан сан. Даанч хорвоогоос сайн нь түрүүлж хальдаг хорвоо хайртай ачынхаа юу хийж бүтээж чадахыг харж чадалгүй арай эрт бурхан болчихсон юм. Өвөөгөө бурхан болсоноос хойш зурах минь арай багассан ч хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлээр том болоод мундаг загвар зохион бүтээгч болоод ижий аавынхаа ачийг хариулна даа гэж боддог байлаа. За тэгээд сургуульд ч орлоо. Хүн шүү юм гэсэн дээ бас арай хөөрхөн ухаан суугаад байгаамаа . Зурсан зурагнуудаа гаргаж ирээд л харлаа. Зурах авъяасгүйн байна гэдгээ мэдэрч байгаан хаха тэрүүхэн тэндээ бас гуниглаастай  хаха. За үүний дараахан 2003  бил үү 2004 онд UBS телевизээр алдартай “The X files” цуврал гарч эхлэсэн юм. Анги болгоныг алгасалгүй үзсэн нь ирээдүйн мэргэжлийн маань суурийг тавина гэж хэн санахав. Адал явдал, эгэл бус юманд дурладаг миний сонирхлыг татаж , ерөөсөө л хуульч болно доо , хамгийн мундаг нь гэж бодсоор нүд эрмэхийн зуур арван жилээ ч төгсөж ЭЕШ ч өгөхөөр боллоо, бас ч үгүй дүнгээ хүлээн бүтэн сар байнгын догдлоостой. Хүсэн хүлээсэн хуваариа аваад би энэ хорвоо дээрх хамгийн жаргалтай хүн гэдгээ мэдэрсэн.Дэндүү азтай охин. Арван жил хүсэл мөрөөдлөө орхилгүй тууштай чармайсны эцэст 2013 онд МУИС-ийн “Хууль зүйн сургууль”-ийн босгоор алхаж орж билээ. Амьдралын их харгуй дөнгөж л эхлэж байна. Яг л бүргэдийн зулзага Цагцгай жигүүр далиа дэлгэхтэй нэгэн адил. Баян ядуу , өвчин зовлонтой, нялхас өвгөс гээд л мөрөөдөлтэй хэн ч болов энэ хорвоогийн хамгийн азтай, хамгийн жаргалтай хүн гэж би боддогийн. Тоолж барамгүй их мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг бүхнээ дайчилна аа. Амьдрал минь нүдний өмнө зурайж байна. Мэргэжлээ сонгосон нь мөрөөдлийн маань жижигхээн хэсэг. Тийм ч болохоор хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл маань дэндүү их, эрч хүч ундарч сэтгэл санаа дээд цэгтээ л байна даа.  Энийг уншиж буй хэн болов ч мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй урагш өөд мацаарай. Алдаж эндэх байлгүй л яахав. Тэр бүхнийг чиний мөрөөдлийн хажууд юу ч биш гэдгийг ухаараад улам илүү хичээгээрэй. Та бид бүгд л хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн жаргал өөд тэмүүлэх ЦАГЦГАЙнууд билээ. Хэзээ нэгэн цагт БҮРГЭД болон хөх тэнгэрт цойлон нисэхийг хэн мэдлээ... 

No comments:

Post a Comment