Thursday, April 30, 2015

Зүрх шимшрүүлэм түүх (Өгүүллэг)


Долоо хоногийн 30 долларын цалинтай, хэвлэлийн үйлдвэрийн туслах ажилтан Жастин Хоргеншлаг өдөр бүр өмнө нь огт харж байгаагүй 60 орчим эмэгтэйтэй таардаг. Ингээд бодоход Нью Йоркид ирснээс хойших дөрвөн жилийн хугацаанд 75,120 орчим эмэгтэйтэй нүүр тулжээ. Тэдгээр 75,120 эмэгтэйн 25,000 орчим нь 15-30 насны бүсгүйчүүд байсны 5,000 нь л 48-55 кг жинтэй байв. Харин тэр 5,000 бүсгүйн 1,000 нь л боломжийн царайтай байснаас 500 нь л яахав ямар нэг хэмжээгээр анхаарал татахуйц байсан ч 100 нь л сэтгэлд хүрч, 25 нь л хэсэг хугацаанд сэтгэгдэл төрүүлж, харин Хоргеншлаг цорын ганц бүсгүйд л анхны харцаар дурлажээ. 
Дур хүсэл эзэмдсэн эмэгтэй хоёр янз бий. Нэг бол бүх талаараа дур хүсэл эзэмдсэн аюултай эмэгтэй, аль эсвэл зарим талаараа сэтгэл татсан аятайхан эмэгтэй. 
Түүнийг Ширлэй Лестер гэдэг. Ширлэй 20 настай (Хоргеншлагаас 11 насаар дүү гэсэн үг), 1,65м өндөр (Хоргеншлагийн нүдний орчмоор татна), 50кг жинтэй (өргөхөн өд шиг л хөнгөн гэсэн үг). Ширлэй хурдан бичээч хийж, Нелсон Эддигийн эртний шүтэн бишрэгч эх Агнес Лестерийгээ асран амьдардаг аж. Харин гадаад төрхний хувьд гэвэл хүмүүс түүнийг “Ширлэй ч зураг шиг хөөрхөн охин шүү” гэцгээдэг.
Нэгэн өглөө 3-р Авениюгийн автобусанд Ширлэй амаа тун жигтэй ангайсан байсныг Хоргеншлаг хараад шууд л сэтгэл алдрав. Ширлэй автобусны хананд наасан гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааг уншаад алмайрсан нь тэр аж. Ширлэй амаа үл ялиг ангайн, уруулаа сул тавих тэрхэн мөчид Манхеттаны хамгийн аюултай нэгэн болж хувирдаг ч байж магад. Хоргеншлаг түүнийг Нью Йоркид ирснээс нь хойш салахаа байсан ганцаардлын аймшигт өвчнийг нь илааршуулах бүхнийг анагаагч хосгүй эм мэтээр харж байлаа. Тэсэхийн аргагүй шаналал... Ширлэй Лестерийн хажууд зогсоо хэрнээ тэвэрч аваад үл ялиг ангайсан уруулыг нь үнсэж чадахгүйн зовлон... Энэ бүхэн үгээр илэрхийлэхийн аргагүй тамлал байлаа.
Энэ бол миний Коллиерс сэтгүүлд нийтлүүлэхээр бичиж эхэлсэн өгүүллэгийн маань эхлэл юм л даа. Уг нь нэг хөөрхөн цайлган хүү нэгэн охинтой танилцаж байгаа тухай түүх бичих гэж байсан юм. Өөр аятайхан санаа юу байх вэ гэж бодоод. Хөвгүүд охидтой хэрхэн танилцсан талаарх хайрын түүх хорвоо дэлхийд хэрэгтэй шүү дээ. Гэвчиг харамсалтай нь ийм түүх бичихийн тулд хөвгүүнийг охин дээр аваачиж танилцуулах хэрэгтэй болдог ч энэ удаад би тэгж чадаагүй юм. Өөр ч арга байсангүй. Би Хоргеншлаг, Ширлэй хоёрыг хэн хүнд тохиолддог учралаар холбож чадаагүй. Яагаад хэмээн та гайхаж байгаа байх л даа. Хариулт болгон хэлэхэд Хоргеншлаг харамсалтай нь мэхийн ёслоод дараах хэдэн үгээр сэтгэлээ илчилж чадахгүй хүн л дээ. 
“Өршөөгөөрэй. Би танд маш их хайртай. Танд галзууртлаа дурлаад, бүр гарцаагүй дурлачихаад байна. Таныг насан туршдаа хайрлаж чадна. Би хэвлэлийн үйлдвэрт ажиллаж, долоо хоногтоо 30 доллар авдаг. Тэнгэр минь, би танд ямар их хайртай гээч. Та өнөө орой завтай юу?”
Энэ Хоргеншлаг тэнэг байж мэдэх ч яахаа алдсан амьтан биш ээ. Маанаг байж болох ч тартагтаа тулсан мангуу лав биш. Коллиерсийн уншигчдыг иймэрхүү дэмий юмыг тэвчинэ гэж санахын ч хэрэггүй. 
Мэдээж би Хоргеншлагийг гэнэтхэн л Виллиам Поуеллийн янжуурны хайрцгийг барин, Фред Астайрын бүрх малгайг духлуулсан боловсон эр болгон хувиргахгүй ээ.
“Хатагтай, та намайг битгий буруугаар ойлгоорой. Би сэтгүүлийн зураг зурдаг юм л даа. Энэ миний нэрийн хуудас. Урьд хожид хэнийг ч ингэж зурахыг хүсч байгаагүй хэрнээ таныг л зурмаар санагдлаа. Үүний тулд мэдээж танаас зөвшөөрөл авах хэрэгтэй байх л даа. Тан руу энэ үдэш ч юм уу ойрын хугацаанд залгаж болох уу? (Эелдгээр бага зэрэг инээмсэглэнэ.) Би хэтэрхий ёс бус санагдаагүй гэж найдъя. (Ахин нэг инээмсэглэнэ.)”
“Тэнгэр минь, Хоргеншлаг энэ хэдэн үгээ ямар хөгжилтэй, санаа зовсон шинжгүйгээр нүүрэндээ мишээл тодруулан хэлсэн гэж санана” гэж хэлдэг ч болоосой. Даанч Хоргеншлаг хэзээ ч ингэхгүйд л гол нь байгаа юм. Ширлэй бол мэдээж өөрөө Нелсон Эддигийн шүтэн бишрэгч, Кийстоуны гэрээр ном олгодог номын сангаар байнга үйлчлүүлдэг хүн. 
Одоо яг жинхэнээсээ юу болох байсныг танд дуулгая. 
Тийм ээ, Хоргеншлаг яг л ингэж хэлэх байлаа. 
“Өршөөгөөрэй, та Уилма Причард биш биз?”
Хариуд нь Ширлэй хүйтэн өнгөөр “Үгүй” гэж хэлээд өөр тийш харан төв царайлна. 
“Өө яана аа,” хэмээгээд Хоргеншлаг цааш нь үргэлжлүүлнэ. “Би таныг яах аргагүй Уилма Причард мөн байна гэж бодсон юмсан. Ммм, та арай Сийтлээс ирээгүй биз?”
“Үгүй” гэж өмнөхөөсөө ч хүйтэн өнгөөр хариулна. 
“Би Сийтлийнх л дээ” гэж хэлэхэд нь Ширлэй огт тоохгүй. 
“Сийтл томгүй хэрнээ гайхалтай хот шүү. Үнэхээр гайхалтай хот. Би энд, энд гэж Нью Йоркид ирээд дөрвөн жил л болж байна. Би хэвлэлийн үйлдвэрт ажилладаг юм. Аан..., намайг Жастин Хоргеншлаг гэдэг.”
“Надад үнэхээр сонин биш байна.”
Хоргеншлаг иймэрхүү байдлаар яриа өдөөд шал дэмий л дээ, уг нь. Ингээд бол Ширлэйгийн сонирхлыг байр байдал, яриа хөөрөө, яадах нь ээ хувцаслалтаараа ч татаж чадахгүй. Өмнө нь хэлж байснаар эрэгтэй, эмэгтэй хоёрын хэрхэн танилцсан тухай маш сайхан түүх бичихийн тулд эрэгтэйг нь эмэгтэйтэй нь танилцуулсан нь дээр шүү дээ. 
Эсвэл гэнэт Хоргеншлагийн ухаан балартаж, унахдаа нэг юмнаас шүүрээд авсан нь Ширлэйгийн шилбэ байж болох юм. Ингэхдээ оймсыг нь урчихаж, эсвэл уртаа гэгчийн судалтай болгоод орхиж гэж бодъё. Бие нь тавгүйтсэн Хоргеншлагт хүмүүс зай тавьж өгөхөд тэрээр өндийгөөд “Би зүгээр ээ, баярлалаа,” гэснээ “Өө яана аа, ёстой уучлаарай, хатагтай. Таны оймсыг урчихсан байна шүү дээ. Би заавал төлж өгнө өө. Одоо даанч бэлэн мөнгөгүй явж байдаг. Гэхдээ та надаа хаягаа өгчих” гэж учирлана.
Ширлэй мэдээж хаягаа өгөхгүй. Харин их ичиж, яахаа мэдэхгүй балмагдана. “Зүгээр ээ” гэж хэлэхдээ Хоргеншлагийг дотроо хамаг байдгаараа хараана. Гэхдээ энэ санаанд утга авцалдаа гэж ер алга. Сийтлийн хүү Хоргеншлаг Ширлэйгийн шагайнаас шүүрч авахыг хүсэж мөрөөдөөгүй шүү дээ. Өөр газар хаа юм гэхээс 3-р Авениюгийн автобусанд лав биш. 
Яахав арай бодитой болгоё гэвэл Хоргеншлагийг аргаа барсан байдалд оруулж болох юм. Цөхрөнгөө бартлаа дурладаг эрчүүд байдаг шүү дээ. Хоргеншлагийг тэдний нэг гэж бодъё. Хоргеншлаг гэнэт Ширлэйгийн цүнхийг шүүрч аваад автобусны арын хаалга руу ухасхийнэ. Ширлэй орилно. Хүмүүс орилохыг нь сонсоод нэг зүйл болсныг ойлгоно. Хоргеншлаг баригдлаа гэж бодъё л доо. Тэгвэл автобус зогсоно. Сүүлийн үед олигтой хэрэг илрүүлээгүй эргүүлийн цагдаа Уилсон хэрэгтнийг газар дээр нь бариад “Энд юу болоод байна?” гэж асуухад Ширлэй “Эрхэм ээ, энэ хүн миний түрийвчийг хулгайлах гэж байлаа” хэмээн хариулна. 
Хоргеншлаг шүүхэд дуудагдана. Мэдээж Ширлэй ч шүүх хуралд очих ёстой. Тэд хоёул хаягаа өгнө. Ингээд л Хоргеншлаг Ширлэйгийн амьдардаг газрыг мэдээд авна даа. 
Гэртээ аяга сайхан кофе аваад тавьчих чадалгүй шүүгч Перкинс Хоргеншлагт жил шоронд суух ял онооно. Ширлэй дуугүй өнгөрч, Хоргеншлаг шоронд орно. 
Хоргеншлаг шоронгоос Ширлэйд захидал бичнэ. 
“Эрхэм хатагтай Лестерт, 
Надад таны түрийвчийг хулгайлах бодол үнэхээр байгаагүй юм шүү. Би зүгээр л танд хайртай болчихоод харж байсан юм. Гагцхүү таны тухай мэдэхийг хүссэндээ л тийм үйлдэл хийсэн хэрэг. Та завтай болохоороо надад захидал бичээрэй. Энд их ганцаардаж байна. Бас би танд маш их хайртай. Танд цаг зав гарвал над дээр ирсэн ч болно шүү. 
Таны анд, 
Жастин Хоргеншлаг”
Ширлэй энэ захидлыг бүх найзууддаа үзүүлнэ. Найзууд нь “Хөөх, яасан хөөрхөн юм бэ, Ширлэй” гэлцэнэ. Ширлэй ч бас яахав хөөрхөн юм гэж бодон, найзууддаа “Харин тийм ээ, би удахгүй хариу бичнэ. Алдаад байх юу байх вэ?” гээд хариу захиа бичнэ. 
“Эрхэм Хоргеншлаг ноёнтонд, 
Таны захидлыг хүлээн аваад болсон явдалд үнэхээр их харамсаж байна. Харамсалтай нь энэ удаад тус болж чадахгүй ч нөхцөл байдал ингэж эргэсэнд гүнээ харамсаж буйг минь хүлээн авна уу. Гэхдээ таны ялын хугацаа богинохон болохоор удахгүй суллагдах байх. Амжилт хүсье. 
Хүндэтгэсэн, 
Ширлэй Лестер”
“Хүндэт хатагтай Лестерт, 
Танаас захиа аваад ямар их баярласныг та лав төсөөлөхгүй дээ. Та таагүй зүйл бодоод хэрэггүй дээ. Тэгж галзуу юм шиг загнасан нь бүгд миний буруу учраас өөрийгөө буруутгаад хэрэггүй. Энд долоо хоногтоо нэг удаа кино үзүүлдэг учраас тийм ч муугүй байна. Би 31 настай, Сийтлийнх. Нью Йоркид ирээд дөрвөн жил болж байна. Нью Йоркт байхад үе үе хөнгөн гуниг төрдгийг эс тооцвол ч гайхалтай хот шүү. Та бол миний Нью Йоркид ирснээсээ хойш харсан хамгийн хөөрхөн бүсгүй. Та Бямба гарагт 14-16 цагийн хооронд уулзалтын цагаар энд ирвэл мөн сайхан байхсан. Галт тэрэгний зардлыг би төлье. 
Таны анд, 
Жастин Хоргеншлаг” 
Ширлэй энэ захидлыг ч бас бүх найзууддаа үзүүлнэ. Гэхдээ энэ удаад хариу бичихгүй. Хоргеншлаг гэгчийн ямар тэнэгийг бүгд харсан ч эцсийн эцэст Ширлэй эхний захидалд хариу бичсэн шүү дээ. Ийм тэнэг захидалд хариу бичсэн л бол хэрэг явдал хэдэн сараар ч үргэлжлэхийг хэн мэдэх вэ. Эхний захидалд хариу бичсэн нь Хоргеншлаг ч билүү тэр нэгэн залуугийн төлөө Ширлэй чадах бүхнээ хийсэн хэрэг байсан юм шүү дээ. 
Шоронд долоо хоногт нэг удаа кино гаргадаг ч гэлээ Хоргеншлагт их л хэцүү байна. Өрөөнд нь гэмт хэргийн нэг бүлэгт харъяалагддаг Снайп Морган, Слайсер Бурк хэмээх хоёр залуу байдаг аж. Тэд Хоргеншлагийг Чикагод өөрсдийг нь барьж өгсөн залуутай адилхан юм гэлцэнэ. Сүүлдээ Харх Ферреро Жастин Хоргеншлаг хоёрыг нэг хүн гэдэгт итгэж орхино. 
Хоргеншлаг тэдэнд “Гэхдээ би тэр Харх Ферреро чинь биш шүү дээ” гэж хэлнэ. 
Слайсер “Битгий худлаа яриад бай” хэмээн уурсаж Хоргеншлагийн шавхруу төдий хоолыг шал руу шиднэ. 
Хажуугаар нь Снайпер “Толгой руу нь цохь” гэж хошуу нэмэрлэнэ. 
“Би 3-р Авенюгийн автобусанд нэг охины түрийвчийг хулгайлснаас болоод л энд байгаа гэдгээ хэлээд байна шүү дээ. Үнэндээ би яг ч хулгайлаагүй юм л даа. Би түүнд дурлачихаад, ингэж л танилцахаас өөр арга байгаагүй юм” гэж Хоргеншлаг учирлана.
Слайсер “Битгий худлаа ярь” гэж орилно. 
Снайпер “Толгой руу нь цохь” гэж хошуу нэмэрлэнэ. 
Гэтэл нэгэн өдөр арван долоон хоригдол оргохоор болно. Амралтын цаг болж хоригдлууд талбай дээр нарлаж байтал Слайсер Бурк харгалзагчийн 8 настай ач охин Лизбет Суиг хууран өөр дээрээ ирүүлж бахим гараараа охины бэлхүүсээр нь тэврэн харгалзагчид харуулахаар дээш нь өргөнө. 
“Хөөе, харгалзагч аа, бидэнд хаалгаа онгойлгож өг. Тэгэхгүй бол хүүхэд чинь сайнаа үзэхгүй шүү!” хэмээн Слайсер хашгирна.
“Берт ах аа, би зүгээр ээ” хэмээн бяцхан Лизбет Суи байдаг чадлаараа орилно. 
“Наад хүүхдээ тавь, Слайсер!” гэж харгалзагч үхээнц дуугаар тушаахчаан болно. 
Гэвч харгалзагч хүссэн зүйлийг нь хийнэ гэдгийг Слайсер мэдэж байлаа. Арван долоон эр, шаргал үстэй бяцхан охин хаалгаар гарч явна. Арван зургаан эр, шаргал үстэй бяцхан охин аюулгүй гарна. Харуулын цамхаг дээрх манаач Слайсерыг духанд нь буудах сайхан боломж гарлаа гэж бодон оргож буй хүмүүс рүү гохоо чиглүүлнэ. Гэвч тэр байгаа онолгүй Слайсерын ард мэгдэн алхаж яваа нэг залууг буудаж орхисонд нөгөөх нь тэр дороо үхнэ. 
Буудуулсан залуу хэн байв?
Ингээд л миний залуу хархүү нэгэн бүсгүйтэй танилцаж байгаа тухай сэтгэл татам, мартагдашгүй хайрын түүх бичин Коллиерст хэвлүүлэх төлөвлөгөө маань гол дүрийн баатрын маань үхлээр төгсгөл болж байгаа юм даа. 
Ширлэй хоёр дахь захидалд нь хариу өгөөгүйгээс болоод гуниг цөхрөлд автаагүйсэн бол Хоргеншлаг хэзээ ч нөгөө аргаа ядсан арван долоон хүний дунд орохгүй байсан юм. Гэлээ гээд яаж ч байсан Ширлэй хоёр дахь захидалд хариу бичихгүй, хариу хэзээ ч бичихгүй нь үнэн юм чинь бодит үнэнийг би яалтай билээ. 
Ай, тун тоогүй. Хоргеншлаг шоронгоос Ширлэй Лестерт ингээд биччихэж чадахгүй нь тун харамсалтай. 
“Эрхэмсэг хатагтай Лестерт, 
Миний мунхаглан бичих цөөн хэдэн үг таныг бухимдуулах юм уу ичээхгүй гэж найдаж байна. Хатагтай Лестер, би таныг намайг нэг хулгайч амьтан гэж бүү бодоосой гэсэндээ үүнийг бичиж сууна. Би цүнхийг тань хулгайлсаан, гэхдээ би таныг автобусанд анх хармагцаа л шууд дурласан болоод тэр. Би болчимгүй, тэнэг загнахаас өөрөөр таны анхаарлыг татах аргаа олоогүй юм. Хүн дурлахаараа тэнэг болдог шүү дээ. 
Таны ам үл ялиг ангайсан байсан нь надад маш их таалагдсан. Та миний хувьд бүх зүйлийн хариултыг өгсөн. Би дөрвөн жилийн өмнө Нью Йоркид ирснээсээ хойш жаргалтай байгаагүй гэж хэлэхгүй ч жаргалтай байсан гэж хэлж бас чадахгүй. Харин би өөрийгөө Нью Йоркид байгаа мянга мянган залуусын адил энгийн нэгэн залуу гэдгээ л хэлж чадах байна. 
Би Сийтлээс ирсэн. Би баян, алдар нэртэй, сайхан хувцасладаг, боловсон эр болохыг хүсэж байсан. Гэвч би дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө баян, алдар нэртэй, сайхан хувцасладаг, боловсон нэгэн болохгүй гэдгээ ойлгосон. Би бол хэвлэлийн үйлдвэрийн сайн туслах ажилтан, тэгээд л боллоо. Нэг өдөр үйлдвэрийн дарга маань өвдөөд, тэгээд л би энэ газрыг ажиллуулах хэрэгтэй болсон юм. Хатагтай Лестер, би бүр сүүлдээ яах учраа олохоо байсан. Хэн ч миний тушааж хэлсэн үгийг авдаггүй. Үсэг өрөгчдийг ажлаа хий гэж хэлэхэд цөм дотроо инээлдэнэ. Тэглээ гээд би тэднийг буруутгадаггүй. Би угаасаа хүнд юм тушаах хүн биш. Гэхдээ энэ хамаагүй ээ. Манай даргын ажилд авсан нэг хүүхэд байдаг юм. Тэр дөнгөж 23-тай, гэтэл би 31-тэй. Дөрвөн жил хамт ажиллаж байна. Нэг л өдөр түүнийг дарга болж, би туслах нь болно гэдгээ мэддэг юм. Гэхдээ үүнийг мэдсэн ч надад хамаа байхгүй ээ.
Таныг хайрлах нь л хамгаас чухал, хатагтай Лестер. Хайр бол секс, гэрлэлт, өглөөний үнсэлт, үр хүүхэд гэж боддог хүмүүс байдаг, магадгүй тэдний ч зөв байх, хатагтай Лестер. Гэхдээ би юу гэж боддог гээч? Би хайрыг нэг талаар харилцаа, нөгөө талаар хүндлэл гэж боддог. 
Эмэгтэй хүний хувьд баян, царайлаг, ухаалаг, эсвэл нэр алдартай залуугийн гэргий гэж бусдад харагдах нь чухал байдаг байх. Харин би хүмүүст нэг их тус болоод байдаггүй ч дургүйг нь бас хүргээд байдаггүй жирийн л нэг залуу. Би зүгээр л ... зүгээр л Жастин Хоргеншлаг. Би хэзээ ч хүмүүсийг хөгжөөж, гуниглуулж, уурлуулж, эсвэл гомдоодоггүй. Хүмүүс намайг сайн залуу гэж боддог байх, ингээд л боллоо.
Жаахан байхад маань хэн ч намайг хөөрхөн, сэргэлэн, царайлаг гэж онцолж байгаагүй. Ямар нэг юм хэлэх хэрэгтэй болбол чийрэг бяцхан хөлтэй л гэдэг байлаа. 
Би энэ захианд хариу ирнэ гэж бодохгүй байна, хатагтай Лестер. Би хариу захиаг энэ хорвоогийн юу юунаас ч илүүтэйгээр хүсэж байгаа ч үнэнийг хэлэхэд хариу ирнэ гэж найдахгүй байна. Гагцхүү таныг үнэнийг мэдээсэй л гэж хүсэж байна. Хэрвээ миний танд өгсөн хайр намайг бас нэгэн ёроолгүй гунигт автууллаа гэхэд үүнд надаас өөр хэн ч буруугүй. 
Магадгүй та нэг л өдөр бүрэг нэгэн шүтэн бишрэгчээ ойлгож уучлах болов уу. 
Жастин Хоргеншлаг” 
Дээрх захианд нэг иймэрхүү хариу ирэх байлаа. 
“Хүндэт Хоргеншлаг ноёнтонд,
Би таны захидлыг хүлээн аваад сэтгэл их хөдөллөө. Нөхцөл байдал ингэж эргэсэнд би их гэмшин харуусч байна. Та миний түрийвчийг авахынхаа оронд зүгээр л надтай ярихгүй. Гэхдээ тэглээ гээд би хүйтэн царайлаад л өнгөрөх байсан байх л даа. 
Одоо цайны цаг болж байгаа учир би ажил дээрээ ганцаараа захидал бичин сууж байна. Өнөөдөр яагаад ч юм бэ цайны цагаар ганцаараа баймаар санагдлаа л даа. Хэрэв өнөөдөр ажлынхаа бүсгүйчүүдтэй Автомат руу цайнд гарсан бол тэд хоол идэнгээ элдэв дэмийг ярьж, харин би гэнэт хашгирах байсан байх. 
Та амжилтгүй яваа, эсвэл царайлаг, баян, алдар нэртэй, бүдүүлэг аль нь ч байсан надад хамаагүй. Эрт нэгэн цагт энэ бүхэн хамаатай байх байсан байж магад. Би ахлах сургуульд байхдаа үргэлж сэтгэл татам, өвөрмөц хөвгүүдэд дурладаг байлаа. Бороон дундуур алхаж, Шекспирийн бүх соннетийг мэддэг Дональд Николсон, үе дуусах дөхөөд оноо тэнцүү байхад талбайн голоос шидээд оруулж чаддаг царайлаг хүү Боб Ласэй, тогтуун бор нүдтэй ичимхий хөвгүүн Харри Миллер гээд л... 
Гэхдээ миний амьдралын энэ галзуу үе нэгэнт дуусчээ. 
Таныг ажил даалгахад хөхрөлдөн инээдэг тэр хүмүүсийг бүгдийг нь би хар дэвтэртээ бичлээ. Би хэнийг ч тэгтлээ үзэн ядаж байгаагүйгээр тэднийг үзэн ядаж байна. 
Үнэндээ та намайг байдгаараа будчихсан байхад харсан шүү дээ. Надад итгээрэй, би будаггүй үедээ огтхон ч хөөрхөн биш. Эргэлт хүлээн авах боломжтой үедээ надад захидал бичээрэй. Би танд өөрийгөө ахин нэг харуулмаар байна. Таныг миний хуурамч төрхөнд автсан эсэхийг мэдэхийг хүсч байна. 
Аан нээрэн, та шүүгчид миний түрийвчийг яагаад хулгайлснаа жинхэнээр нь хэлэхгүй яасан юм бэ? Хамтдаа суугаад ярилцаж болох л байсан шүү дээ.
Тан дээр хэзээ очиж болохыг заавал дуулгаарай. 
Хүндэтгэсэн, 
Ширлэй Лестер”
Харамсалтай нь Жастин Хоргеншлаг Ширлэй Лестертэй хэзээ ч танилцахгүй. Ширлэй 5, 6-р гудамд бууж, Хоргеншлаг 32-р гудамд бууна. Энэ үдэш Ширлэй дурлалт залуу Ховард Лауренстайгаа кинонд явна. Гэтэл Ховард нь Ширлэйг дажгүй охин гэж боддогоос цаашгүй. Харин Жастин Хоргеншлаг энэ үдэш гэртээ Люкс савангийн радио сурталчилгаа сонсон хэвтэнэ. Ширлэйгийн тухай бодол өдөржин, шөнөжин эргэлдэж, бүтэн сарын турш толгойноос нь салахгүй дагана. Харин нэгэн өдөр өөрийгөө хэзээ ч нөхөрт гарахгүй нь гэж эмзэглэх болсон Дорис Хилман гэгчтэй танилцсанаар Ширлэй Лестер хар аяндаа л толгойноос нь явж одно. Үүнээс хойш Ширлэй Лестер, түүний тухай бодол үүрд замхрана. 
Ингээд л би эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэрхэн танилцсан тухай хайрын түүхийг Коллиерст зориулан бичээгүй юм даа. Ийм түүхэнд заавал эрэгтэй нь эмэгтэй дээрээ очиж танилцах ёстой байдаг юм.

/ Ж.Д.Сэлинжер /

No comments:

Post a Comment