Monday, May 4, 2015

Боргол




2015 оны 05 сарын 04 өдрийн 16:04 цаг. Чиний хувийн сэргээш юу вэ? Хүн болгонд сэтгэл сэргээж, эрч хүч өгдөг магадгүй заримдаа бүхнийг мартаж тайтгарал өгдөг ямар нэгэн зүйл байдаг байх. Хүмүүс яагаад тамхи татдаг юм бэ? Бусдын нүдэнд догь харагдах гэж үү , гуниг зовлонгоо түрхэн зуур ч болов таягдан хаях гэж үү , аль эсвэл зүгээр л амьдралынх нь нэгэн хэсэг болчихсон ингээд л хаячихъя гэхээр орон зай дутагдаад уу? Эдгээрийн аль нь болохыг бас аль нь ч үгүй болохыг би таашгүй . Энэ удаа даа тамхийг буруутгахыг хүсэхгүй нь .
Харин миний хувьд өдөр тутмын минь сэргээш болдог , ердөөсөө л сэтгэл гундуухан явлаа ч хөл газар хүрэхгүй байсан ч өглөө үдэш нь хамаагүй үнэрлэх төдийд сэтгэл сэргэж кайф өгдөг нэг зүйл байна аа. Тэр бол яахын аргагүй боргол буюу бидний хэлж заншсанаар кофе /Coffee/ юм.
Хүмүүс кофены гарал үүсэл , ач тус , сөрөг нөлөө , төрөл зүйл гээд тэр болгон нарийн ширийнийг мэддэггүй байх гээд мэдээлэл олгох зорилгоор хэдхээн зүйл бичье. Мэдээж сонирхож байвал үргэлжлүүлээд уншаарай :)
Кофе гэхээр хамгийн түрүүнд юу бодогдож байна? Хар хүрэн өнгөтэй, хурц үнэртэй , элсэн чихэр болон бусад амт оруулагч хийхгүй бол гашуун амттай, нойр сэргээдэг нэг тийм ундаа төсөөлөгдөж байна уу?

Кофе /Латинаар : Coffee/ нь Кофены буурцгийг (кофены модны үр) хуурч, нунтагласны дараа буцалсан ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундааг хэлнэ. Кофе гэдэг үг нь Араб хэлний каffa гэх үгнээс гаралтай. Кофе 1200 жилийн түүхтэй бөгөөд төрөлх нутаг нь Перс. Гэхдээ сүүлд Этиоп улсын Каффа мужаас илрүүлсэн кофе н илүү өнгө, үнэр, амт сайтай байсан болхоор одоог хүртэл тус улсаас гаралтай хэмээн үздэг юм байна лээ. Этиопоос гаралтай Кофены ургамал нь Африк, өмнөд болон төв Америк, Ази тивийн өмнөд хэсгээр ургадаг байна. 
Кофены ургамлын 2 гол төрөл байдаг. Үүнд:
1. Хамгийн их тархсан Арабика кофе /Coffea Arabica/
2. Нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе /Coffea Robusta/ юм.
Нийт хураан авч буй кофены 70-80% нь Арабика , үлдсэн нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулдаг.Хураан авсан кофены үрээс кофены буурцаг гаргаж авахыг үр боловсруулалт гэнэ. Хуурай болон усны гэсэн 2 төрлийн аргаар боловсруулна. Хуурай буюу хатаах арга нь хураасан үрээ тарааж дэлгээд, наранд ээж хатаасны дараа гадуурх хальс яснаас нь салгаж цэвэрлэнэ. Усан арга нь үрийг гадуурх хальс, яснаас салгасны дараа устай саванд хийж 1-2 хонуулан исгээд буурцаг гаргаж авах арга юм. Хуурсан кофены үрэнд: Ус - 2,7%, Тос - 13-15%, Азотот бодис - 13,9%, Кофейн - 1,3%, Сахар - 2,5-2,8%, Эслэг - 23,9%, Хандат бодис - 40% агуулагддаг.

Кофенд агуулагдах кофейн төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээж, ядаргаа ,нойрмог байдлыг арилгаж ажлын чадварыг нэмэгдүүлдэг. Гэхдээ нөгөө нэг пакеттай Yeye , Khaan coffee , mac нтр гээл кофенуудыг уухаар улам нойр хүрээд л нозоороод байдаг шт анзаарсан уу та нар хэхэ. Янзан бүрийн юм холиод хэд дахин боловсруулаад нөгөө алдарт кофены маань чанарыг хог болгоод хаячихдаг юм. Зөөлөн чихэрлэг амттай кофенд дуртай хүнд хааяа уухад зүгээр л байх. Гэхдээ аль болох пакеттай найруулдаг кофеноос татгалзаарай гэж зөвлөх байна. Чанадаг кофе л тасархай шүү дээ. 
За ерөнхийдөө 1 аяга буцалсан усанд нэг цайны халбагаас илүүгүй кофе хэрэглэхийг зөвшөөрдөг. Энэ тунгаар хэрэглэвэл аяга кофенд 0,05-0,1 кофейн агуулагдана. Үүнээс илүү хэрэглэвэл эрүүл хүний ч зүрх дэлсэж, даралт хэлбэлздэг гэнэ. Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтэрхээр угаасаа хор болдог шүү дээ.1970аад онд кофе нь хүний зүрх судасны үйл ажиллагаанд муу төдийгүй хорт хавдар үүсгэдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд ихээр тархаж , үүнийг няцаахын тулд эрдэмтэд олон жил туршилт хийсний эцэст кофе хавдар үүсгэдэггүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгэхээр яадгын тэээ уугаад л байдаг хэрэг :D Ер нь аягүй олон ач тустай штээ. Хэдхэн жишээ дурьдахад:
Хүний биед тайвшруулах үйлчилгээ үзүүлж, бодисын солилцоог сайжруулан, эрч хүчтэй болгодог. Кофег тогтмол бага хэмжээгээр ууснаар элэгний хорт хавдар үүсэх магадлалыг бууруулдаг , хүний тархины үйл ажиллагааг сэргээн, ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадамжийг дээшлүүлдэг гэх мэтчилэн.
Кофе шопд ороол нээх гоё кофе уучихъя гэсэн чинь хөл толгой а б нь мэдэгдэхгүй нүд эрээлжилсэн өчнөөн олон нэр хаяг зурайж байна уу? Алийг нь авч уухаа мэдэхгүй л байна уу? хэхэ тэгвэл үүнийг уншаад аль нь чиний хүсэл сонирхолд нийцэхийг мэдээд аваарай.
Эспрессо / Espresso/
Тусгай зориулалтын машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралтаар шахаж гаргадаг Итали маягын хар кофе. Маш өтгөн найрлагатай, маш бага хэмжээтэй.Дангаар нь уухад сэргээх чадамж нь бусдаасаа хэд дахин илүү байдаг. Тийм учраас уг төрлийг 100 гр ч хүрэхгүй буюу 60-90 гр /2-3 унц/ хэмжээгээр хүртэхэд тохиромжтой.
Эспрессо нь дотроо Ристретто (Ristretto), Дан (Single), Лунго (Lungo), Давхар (Double) гэсэн ангилалтай. Эдгээрийн тун нь өөр хоорондоо ижилгүй юм. Эдгээрийг граммаар тооцож харуулбал:
– Ристретто – 22.5 гр,
– Дан буюу Сингл – 30 гр,
– Лунго – 40 гр,
– Дабл – 60 гр орчим болдог байна.
Сайн болсон эспрессо нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг.Эспрессо нь каппучино зэрэг олон төрлийн кофены суурь болдог ч жинхэнэ кофенд дурлагчид чихэрнээс өөр зүйл нэмэхийг эсэргүүцдэг. Ингэхийг Скоч виски уудаг хүмүүс вискиндээ Кола нэмж байгаатай адил гэж үздэг гэнэ.
Американо /Americano/
Американо нь Эспрессог бодвол Кофены агууламжаараа харьцангуй боловч их хэмжээгээр аягалагддаг. Ердөө 30 гр Эспрессон дээр 160-220 гр буцалсан халуун ус хийхэд Американо төрөл бэлэн болно.Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан. Анх эспрессо Италиас Америкт дэлгэрэхэд Америкчууд шингэлж уудаг байсныг нь шоглож Американо хэмээх нэр өгсөн юм байна лээ.
Каппучино /Cappuccino/

Каппучино бол эспрессо, халуун сүү, сүүний хөөсөөр бэлддэг итали кофе. Сүү, хөөс нь 148-177 мл байдаг кофе латтег бодвол каппучино сүү багатайгаараа ялгаатай. Дээр нь хөвөх хөөс нь нэг төрлийн тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэх тул кофег удаан халуун байлгахад тустай бөгөөд амтлахад таашаал төрүүлдэг. Эспрессоны амт, аагаас гадна каппучинод нэн чухал зүйл бол сүүний бүтэц, хэм юм. Каппучинод зориулан сүүгээ аягалахад үүссэн нягт хөөс нь сүүг уруулд шүргэхэд тансаг хилэн мэт зөөлхөн, амтлаг болгож өгдөг. Уламжлалт каппучиног бэлдэхдээ эспрессо дээр халуун хөөсөрсөн сүүг нэмэхдээ хөөсийг 1 см зузаан байхаар бодож хийдэг. Найрлагаасаа хамаараад каппучино чиаро (зөөлөн каппучино буюу шингэн каппучино ч гэгддэг) буюу энгийнээсээ илүү их сүүтэй каппучино, мөн каппучино скуро (хуурай каппучино гэгддэг хар каппучино) гэсэн ялгаа гардаг. Кофены амт нь сул байдаг учраас зөөлөн амтыг таашаадаг хүмүүст тохиромжтой.
Латте / Caffe Latte /
Нэг шот эспрессон дээр хөөрүүлсэн, гэвч хөөсрүүлээгүй сүү хийсэн бол энэ нь латте. Сүү, кофены харьцаа нь 3:1 байх ёстой. Сүү ихтэй кофенд дурлагсдын хамгийн зөв сонголт болох юм. Миний хувьд латте хамгийн гоё нь хэхэ. Сүүлийн жилүүдэд латте арт хэмээх ойлголт кофены ертөнцөд онцгой байр суурь эзлэх болжээ. Энэ нь латте кофен дээр хөөсрүүлсэн сүүгээр элдэв дүрс, хээ, угалз чимэглэх урлаг илүү нарийн хөгжсөнтэй холбоотой юм. Анх 1920 онд нэгэн залуу кофе чанан хутгатал хөөс нь дүрс үүсгэсэн бөгөөд үүнээс санаа авч эхнэртээ зүрх зурж өгчээ. Ингэж “Латте” арт урлаг үүссэн гэж үздэг. Мөн латтег ванил, карамел, самар, шоколад гээд олон янзаар амталдаг болсноор латте нь их олон төрөлтэй болсон байна
Cafe Macchiato
Хөөрүүлсэн сүүтэй нэг шот эспрессо. Харин кофе болон сүүний харьцаа нь 4:1 байдгаараа латтегаас ялгаатай.
Espresso Con Panna
Энэ бол Италийн классик хар кофе юм. Үүнийг Италичууд оройн хоолны дараах кофе гэж нэрлэдэг. Каппучиногийн хувьд эспрессогоо сүүтэй хольсон байдаг бол Espresso con panna нь сүү холихгүй хараар нь уудаг. Гэхдээ дээр нь дүүрэн крем тавьж өгдөг. Кремийг хайлахаас нь өмнө хурдан уух ёстой.
Cafe au Lait
Франц уламжлалаар хийсэн кофе. Каффе Латтетэй ижил гэхдээ эспрессоны оронд чанасан кофе хэрэглэж сүүний харьцаа нь 1:1 байдаг.Ерөнхийдөө каффе латтены сулруулсан хувилбар гэж үзэж болно.
Cafe Mocha /Mochachino/
Энэ бол каппучино эсвэл каффе латте дээр шоколадны сироп, нунтаг зэргийг нэмж гаргасан хувилбар. Бэлтгэдэг янз бүрийн хувилбарууд байдаг тул кофе шопоосоо хэрхэн бэлтгэдгийг нь урьдчилан асууж болно.
Кофе нь нэг талаараа урлаг болж хөгжөөд буй өнөө үед хаа сайгүй кофе шопууд бий. Тэр дундаас хамгийн чанартай сортын кофены үрийг хэрэглэдэг, тохилог намуухан орчинтой , найрсаг үйлчилгээтэй газрыг сонгон үйлчлүүлээрэй. Ер нь та кофенд чин сэтгэлээсээ дурладаг , архаг хорхойтон бол гэртээ Espresso machine аваад тавьчихвал янзын штээ. Гадуур мөнгө зарахгүй хүссэн үедээ гэртээ дуртай кофегоо уух боломжтой, гарын кофегоороо гэр бүл дотны хүмүүсээ дайлах боломжтой :) Заза тэгээд кофенд дурлагсад маань кофегоо уугаад л байж дээ..

1 comment:

  1. Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна

    ReplyDelete